Explore
Also Available in:

Хүн — бурханы дүр Төрх

Зохиогч: Жон Рендел Шорт (John Rendle-Short)
Орчуулагч: Baatarzul Sukhbaatar (Булангийн Тулгуур ЧУЛУУ)

Библид бичигдсэнээр анхны хүн нь төгс төгөлдөр бөгөөд Бурханы дүр төрхөөр бүтээгджээ (Эхлэл 1:26). Лук Адамыг Бурханы хүү гэж тодорхойлсон (Лук 3:38). “Сугар уруу хийсэн аялал” хэмээх ёгт зохиолдоо К.С.Луис (C.S.Lewis)1 түүхэн энэ хэсгийг дүрслэн өгүүлжээ. Тэрээр Адамыг Есүс Христтэй адилтган зүйрлэсэн байна. Энэ нь хэтрүүлэг байсангүй, Христ энэ дэлхийд хүний дүрээр ирэхдээ гэм нүгэлгүй байсан бол Адам ч мөн тухайн үедээ гэм нүгэлгүй байсан юм. Луис ийнхүү бичжээ,

“Түүний царайг хэн ч танихгүй гэж хэлж чадахааргүй ажээ. Түүнтэй ижил төстэй гэдэг тал дээр ямар нэг алдаа гаргахгүйн тулд үүнийг сүсэг бишрэлгүйгээр харах боломжтой гэж үү гэж та магадгүй асууж болох юм. Бурхантай адил байдлын хувьд, өөрийн жинхэнэ мөн чанартаа тэрээр хязгааргүй төгс, нүдэндээ гуниггүй, хөл гартаа ч ямарваа шарх сорвигүй ажээ. Түүнд ямар нэг алдаж эндэх аюул занал, самуурч үймэх хором мөч, хүсэл гижигдэх уруу таталт гэж байсангүй. Түүнтэй адил төстэй байдал нь хамгийн өндөр байх үед алдаа гаргах боломж нь хамгийн бага байна. Үргэлж ийм л байдаг. Хүнийг яг л өвчсөн мэт дуурайсан лаан баримал хэсэгтээ л биднийг андуурахад хүргэдэг; эзэнтэйгээ тун адилхан агуу уран зураг ч ингэж чаддаггүй шүү дээ. Яг л бодит юм шиг урласан Ариун Нэгэний шавар баримлууд ч өөрийн эрхгүй биширмээр харагдах аж. Харин энд алхаж гишгэн, ярьж өгүүлэх байдлаараа бүх дэлхийг гэрэлтүүлж байхаар Өөрийн урландаа гараа гарган уран тансгаар Өөрийн хөрөг болгон бүтээсэн, гаднаа ч, дотроо ч Түүнтэй адилхан, Түүний амьд дүр төрхийн талаар өгүүлж байна. Энэ орчлонд энэ дүр төрхөөс илүү гарах зүйл нэгээхэн ч үгүй. Түүний энэ төгс гоо үзэсгэлэн нь түүний бүрэн төгс хуулбар гэдэгт байгаа юм. Гэхдээ энэ бол боловсруулаагүй, сунжруу, дундаж төвшний хөгжмийг дуурайлгасан төгс хуулбар төдий зүйл биш билээ.”

Бурханы дүр төрхтэй хүн; бодит амьдрал дээр энэ ер нь юу гэсэн үг вэ? Нэгэнт Бурхан Сүнсээр оршиж, харин хүн махбодоор оршдог тул энэ нь махбодын дагуу, биологийн шинж чанартай холбоотой утгыг илэрхийлж чадахгүй байна. Бурхан нэгэнт махбодоор оршдоггүй учир энэ махбод нь тэрхүү дүр төрхөд хамаарахгүй ч байж болох юм. Гэлээ ч бид хүний махбодыг (энэ бол хүний салшгүй нэг хэсэг) тэрхүү дүр төрхийн нэгэн хэсэг гэж хармаар байна. Тэрхүү дүр төрхийн чухал хоёр бүрэлдэхүүн болох хэл, бүтээлч байдал хоёр бол махбодгүйгээр байх боломжгүй билээ. Мөн Төгс хүчит Бурханы хүнд олгосон ан амьтдыг захирах эрх мэдэл, байр суурийг хэрэгжүүлэх нь (Эхлэл 1:28) хүний бие махбод хийгээд оюун ухаанаар хийгдэх ажил юм. Түүнчлэн Бурханы Хүү хүртэл махбод болж хүмүүсийн дунд амьдарснаараа хүмүүний махбодыг хүндэтгэн үзсэн (Иохан 1:14; Еврей 2:14). Луис Христийг цусан төрлийн ахан дүүстэйгээ адил гээгүй, харин гэмийн уналтаас өмнөх анхны хүн Адам нь Галилын хүн болох Христийн толин тусгал байсан хэмээн өгүүлжээ. Хэрэв тиймгүйсэн бол энэ нь Адамыг болхи бүдүүлэг бичнүүдтэй хээлтсэн гэж доромжилж байгаатай адил зүйл болох байлаа.

Хүний амьтанлаг шинж

Бид хүнийг Бурхан, адгуусан амьтад хоёрын аль алиных нь шинж чанарыг агуулсан завсрын оршигч гэж тооцож болох юм. Физиологи болон анатомийнхаа талаас хүн бол адгуусан амьтан болно. Тэрээр мөн тэдний нэгэн адил генийн кодтой. Хувьслын онолчид хүнийг хүн-примат гэж нэрлэж байна. Түүний олон зан авирууд нь ч Павловын нөхцөлт рефлексээр хянагдаж байдаг.

Эхлэл номын бичээс нь хүн болон адгуусан амьтдын чухал төсөөт чанарыг онцолжээ. Хүний талаар “Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад…” (Эхлэл 2:7) хэмээн өгүүлсэн бол амьтдын тухайд “Ингээд ЭЗЭН Бурхан шороогоор хээрийн бүхий л амьтан, огторгуйн бүхий л шувууг урлаад…” (Эхлэл 2:19) хэмээн өгүүлжээ. Амьтдыг “амьд биетүүд” (living creatures) хэмээн (Эхлэл 1:20), хүнийг “амьд биет” (living being) хэмээн тодорхойлохдоо (Эхлэл 2:7) хоёуланд нь еврейгээр “нефеш” (амьсгал) хэмээх үгийг хэрэглэжээ. Усан галвын үр нөлөөний талаар ийнхүү өгүүлсэн байдаг, “Хуурай газар дээр байдаг, хамартаа амин амьсгаатай бүхэн үхэв. Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудыг хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ…” (Эхлэл 7:22-23)

Хожим нь үүнийг цусанд байдаг “амь” (нефеш) хэмээн тайлбарласан байна (Эхлэл 9:4). Тэгэхээр энэхүү амин амьсгалаар үлээн оруулсан амь нь (нефеш) хүнийг адгуусан амьтдаас ялгаруулах гол хүчин зүйл биш байх нь. Үүнээс илүү зүйл байх шаардлагатай болж байна.

Бурхан хүнийг адгуусан амьтдаас өөрөөр авч үзсэн. Библийн бичээс хүн Бурхан хоёрын харилцааг тэргүүн зэрэгт авч үзсэн байдаг. Хүн бол Бурханы Өөрийнх нь дүр төрхөөр, Түүний алдар болон баяр баясгалангийнх нь төлөө, зөвхөн Бурханы оршихуй дотор л оршин байхаар Түүгээр бүтээгдсэн юм. Бурханы улмаас (Еврей 11:8) хүн оршин байгаа юм (Үйлс 17:28). Адгуусан амьтад болон дэлхий ертөнц хэдийгээр Бурханы данс тооцоонд өөрийн гэсэн данстай ч, гол нь дэлхий ертөнц бол хүний амьдрах газар болон бүтээгдсэнд байгаа юм (ө.х, Ром 8:19-22).

Хүнд буй Бурханы шинж чанар

Дүр төрхийнх нь гол нөлөө нь Бурхан хүнд Өөрийн зарим тэнгэрлэг шинж чанаруудаа хайрласанд байгаа юм. Тэр нь хүн төрөлхтнийг адгуусан амьтдаас ялгаж, тусгаарлаж байдаг. Хүнд хайрласан тэрхүү онцгой бурханлаг чанарууд нь юу вэ? Би энд зургаан чанарыг нь дурдъя: хэл, бүтээлч байдал, хайр, ариун байдал, үүрд мөнх, эрх чөлөө. Та энэ жагсаалтад нэмэлт хийж болох л юм. Энэ бүх зүйлс хүнийг Бурхантай адил сэтгэн бодох чадвартай, оюун ухаантай гэдгийг илэрхийлж байна.

Артур Көстлер ийнхүү хэлжээ,

Хэлний илэрч буй байдал, тухайлбал, аман болон бичгэн хэлбэр нь хүн, адгуусан амьтан хоёрын хамгийн тод ялгааг илэрхийлж байдаг.2

Үүнийг бичих зуураа би шувуудын жиргэх чимээг сонсож сууна. Тэд аз жаргалтай байгаа тул ийнхүү дуулж байгаа гэж найдаж байна, гэвч үнэндээ тэдний энэ жиргээ нь өөрсдийн эзэмшлийнхээ хилийг тогтоож буй, маш аминч сэдэлтэй үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нь. Олон шувууд ижлээ эрэн, хосыгоо эвцэлд орохыг өдөөн дуудах байдлаар харилцдаг. Далайн гахайнуудыг нэгэн төрлийн долгионоор “ярилцдаг” хэмээн хэлдэг. Амьтдын харилцааны боловсронгуй нэгэн жишээ бол “зөгийн бүжиг” юм. Аль нэг зөгий балтай шүүслэг цэцэг олсон бол үүрэндээ байгаа бусад зөгийнүүддээ тэрхүү цэцэг хаана байгаа талаар “зөгийн бүжиг” хийж мэдээлдэг аж. Үүгээрээ хоёр төрлийн мэдээлэл дамжуулдаг байна. Нэгдүгээрт, зүг чигийг заана. Ингэхдээ нарыг зүг чиг заах цэг болгон ашиглаж, бүжгээрээ үүнийг илэрхийлдэг байна. Хоёрдугаарт, бүжгийнхээ шарвалзах хөдөлгөөний тоогоор цэцэг үүрнээс хэр хол зайтай байгааг мэдээлдэг ажээ.

Хэлний өөр нэг хэлбэр нь Массачусетсийн Технологийн Их Сургуулийн Сара хэмээх шимпанзед хамаардаг. Тэрээр “Би алим идмээр байна” гэдгийг хэлэхийн тулд хуванцар дүрснүүдийг ашигладаг байна. Гэвч үүнээс илүүг тэр хийж чадахгүй. Судалгааны асар их зардлыг эс тооцвол одоо-энд гэсэн бодит нөхцөл байдлаас давж гарсан харилцааг ямар ч амьтан үүсгэж байсангүй. Приматууд хүртэл хайрлах, хүнд байдаг хэл харилцааны хамгийн таатай орчин зэрэг хэл яриаг хөгжүүлж болох бүх нөхцлийг бүрдүүлж өгөхөд тэд жинхэнэ хэл яриагаар өөрийгөө илэрхийлэх хүртэл хөгжиж чадаагүй байна. Зөвхөн хүн л хэл яриа болон бичгийн харилцаагаар харилцдаг. Түүхийн бүр эхнээс л хүн үүнийг хийсээр ирсэн.

Деннис Фрай (Dennis Fry) “Хомо Локүинс, Хүн – ярьдаг амьтан” хэмээх номондоо “Хэл яриаг эзэмшсэн нь хүний тархины хамгийн гайхамшигт ололт юм” хэмээн өгүүлжээ. Үг хэлэхийн тулд нярай хүүхэд амьсгал, уруул, хэлнийхээ хөдөлгөөнийг тагнайтайгаа нягт уялдуулж, зохицуулан хөдөлгөх шаардлагатай болдог. Ганцхан миллиметрээр хөдөлгөөнийг өөрчлөхөд өөр дуу авиа гарна. Тэрээр ихээхэн хэмжээний мэдээллээр харилцана гэвэл үгсийн сан, өгүүлбэрзүй, авиазүйн систем, дүрэм, хэмнэл болон өргөлтүүдийг ашиглах шаардлагатай болно.

Эцэст нь нэгэн жишээ татъя: “Үгүй” гэдэг үгийн өргөлтийг өөрчилснөөрөө та хэр олон утгыг илэрхийлж чадах вэ? Фрай ийнхүү хэлжээ,

Энэхүү хэлний мэдлэгээр илэрхийлэгдэх мэдээллийн цар хэмжээг дүрслэн хэлнэ гэдэг тийм ч амар биш. …Нэгэн судалгаанд хүний тархийг нийтдээ 1000,000,000,000,000 нэгж мэдээллийг агуулах багтаамжтай хэмээн тооцоолсон байна. Нярай хүүхдийн хэлний туршилтыг хийсэн хүмүүс нярай хүүхэд хэрэгцээгээ хэрхэн цогцоор илэрхийлдгийг “тэд агаараар дамжин хүргэгдэх дуу авиагаараа өөрийн хэлэх гэсэн зүйлээ кодчилон илэрхийлдэг ба үүнтэй ижил кодчилсон илэрхийллүүдээр үгсийг нийлүүлж утга төгөлдөр харилцааг үүсгэх хэрэгт суралцаж байдаг…” гээд “…энэ чанар нь дэлхийн аль ч өнцөгт байгаа нярай хүүхдүүдэд яг адил байдаг” хэмээн хэлжээ.4

Нэгэн үе зан төлөв судлаачид хүүхэд ээжээсээ сонссон үгсийг дуурайх замаар ярьж сурдаг гэж итгэдэг байсан. Энэ онолоор бол, тохиолдлоор хүүхэд “ээжээ” гэж хэлэхэд ээжийнх нь сэтгэл хөдөлж, түүнийг тэвэрч, үнссэнээр энэ сайхан мэдрэмжээс болж тэрээр энэ үгийг дахин дахин хэлэхэд хүрч, ийм замаар ахин дахин хэлсээр хэл яриа нь хөгждөг гэж үздэг байна. Яасан гэнэн, хэт хөнгөн тайлбар вэ! Хэл яриа үнэндээ маш хурдан хөгжиж, нялх хүүхдүүд дорхноо л ярьж эхэлдэг шүү дээ.

Нөхцөлт ажилбарыг тогтоохдоо хүлээн авагч нь тушаалд зөв хариу үзүүлсэн даруйд шагнаж, буруу хариу үзүүлсэн даруйд шийтгэхээр тохируулдаг. Үүнийг эерэг болон сөрөг идэвхжүүлэлт гэж нэрлэдэг. Энэ арга техникийн амин чухал чанар нь шагнал, эсвэл шийтгэлийг тэр даруйд оноодогт байдаг. Энэ аргыг коммунистууд “тархи угаалт”-д амжилттай хэрэглэсэн байдаг бол мөн үүнийг оюуны саажилттай юм уу, аутизмтай хүүхдүүдийг яриулж сургахад ч ашиглаж болох юм. Гэвч хүүхэд яг одоо л яаралтай хэлж ярих зайлшгүй шаардлага гараагүй бол олон давтагдах ганц нэг үг, өгүүлбэрээс илүү гарах нь ховорхон, амжилтад хүрсэн нь цөөхөн юм.

Хэл ярианы уг гарвал

Эхлэл 2, 3, 4-р бүлгүүдээс Бичээст бичигдсэн анхны хүмүүсийн талаар бид уншдаг: Адам, Ева болон тэдний ууган хүү Каин. Эдгээр түүхүүд нь буурай хөгжсөн юм уу, эсвэл “нялх хүүхдийн яриа”-гаар ярьж байсан талаар огт өгүүлээгүй байдаг. Тэгвэл тэд хэрхэн ярьж сурсан юм бол? Байж болох цорын ганц боломжит хариулт бол тэд Бурханаар заалгасан явдал юм. Дөнгөж төрсөн нялх хүүхэд хэрхэн ярьж сурдаг юм бол? Эдүгээ хэл шинжээчид ярина гэдэг бол төрөлхийн буюу удамшлын зүйл юм гэж хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ нь нярай хүүхэд хүн учраас, энэ нь түүнд өвлөгдөж ирсэн учраас л ярьж эхэлдэг гэсэн үг юм. Хүүхдийг ямар нэгэн зүйл сурахыг нь зогсоох гээд оролдоод үз. Хэрэв тэр хүүхэд нь оюуны хомсдолтой юм уу, таг дүлий, эсвэл сэтгэл хөдлөлийн ноцтой доройтолтой биш л бол таны энэ оролдлого бүтэлгүйтэх болно. Дүлий хүүхдүүд хүртэл өөрсдийн дохионы хэлээр “ярьж” сурдаг. Хүүхэд хэлээ ашиглаж ярихгүй байлаа ч гэсэн тэрээр “idiogtossia” хэмээн нэрлэгддэг өөрийнхөө хувилбараар үүнийг босгож байдаг. Бага насны хүүхдүүд хоёр хэлийг нэгэн зэрэг, тус тусад нь хялбархан сурдаг. Гурван хэлний хувьд тэдэнд хэцүү байж мэднэ.

Нярай хүүхдүүд хэрхэн ярьж сурдаг талаар хэлэлцсэн дөрвөн өдрийн хуралд оролцсон нэгэн алдартай сэтгэл зүйчийн түүхийг Фрай3 өгүүлжээ. Хурлын эцэст “Үүний оронд гайхамшгийн онол нь илүү дээр юм” гэж хэн нэгний хэлэхийг тэрээр сонссон гэнэ.

Иудей болон Христитгэлийн Бурхан, Библид өгүүлдэг Эзэний талаар нэг гайхалтай баримт бол тэр бол харилцагч юм. Иудейчүүдийн нэгэн адилаар Христэд итгэгчид ч бас зөвхөн ганц Бурханыг мөргөн хүндэлдэг–“Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН” (Дэд хууль 6:4) (Марк 12:29)–бөгөөд олон бурхдын тухай санааг бүрэн үгүйсгэдэг юм. Тэд мөн Бурхан бол гурвал: өөр хоорондоо ялгаатай ч төгс бүрэн нэгдмэл нэг мөн чанарт орших гурван бодгаль гэдэгт итгэдэг. Эхлэл 1-р бүлгээс бид Бурхан “Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё” хэмээн айлдсаныг уншина. Олон тоон дээр байгааг анхаараарай.

Энэ гурав (Гурвал) байдаг гэж бид мэдэж байгаагий өөр нэг шалтгаан нь эдгээр бодгалиудын хооронд харилцаа явагдаж байдаг. Эхлэл 1:3-т “Тэгэхэд Бурхан … айлдсанд…” хэмээн өгүүлсэн нь Тэрээр хэнд хандан айлдсан хэрэг вэ? Байж болох цорын ганц хувилбар нь Гурвалын өөр нэгэн гишүүн юм. Хожим нь Бурхан хүнийг бүтээж, түүнтэй ярьсан байдаг. Бичээсээс бид “Эзэний Үг…” гэсэн байхыг хаа сайгүй олж уншдаг. Энэ учир шалтгааны улмаас Библийг Бурханы үг гэж үздэг.

Харилцааны ач холбогдлыг онцлон тэмдэглэхийн тулд Бурхан Өөрийн Хүү Есүс Христийг энэ дэлхий уруу Логос буюу “Үг” гэсэн нэртэйгээр илгээсэн. Иохан “Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй…” хэмээн бичжээ (Иохан 1:1). Тиймээс бичмэл үг (Библи) болон амьд Үг (Есүс Христ) гэж байдаг.

Бүтээгчийнхээ гол харилцагч нь болохынхоо хувьд хүнд өгөгдсөн дүр төрхийн нэг хэсэг нь төрөлхийн ярих чадвар юм гэдэг тийм хачирхалтай зүйл гэж үү? Бурхангүй үзэлтнүүд хэл ярианы уг сурвалжийн талаар хангалттай учир зүйтэй тайлбарыг хийж чаддаггүй. Харин Христэд итгэгчид бол чаддаг: хүүхэд ярих үедээ өөрт нь Бурханаас өгсөн бэлгүүдийн нэгийг харуулж байгаа хэрэг юм.

Бүтээлч чадвар

Бурхан бол Бүтээгч, орчлон ертөнцийн агуу зохиогч. Тэрээр төлөвлөгөөгөө гүйцэлдүүлсний дараа бүтээгдсэн бүхнээ харах бүрдээ тэдгээрийг “сайн болжээ” хэмээн ялгуулсан дүгнэлтийг хийж байсан. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээхдээ тэднийг “эр эмээр нь бүтээжээ. Бурхан тэднийг ерөөж —Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг!” хэмээжээ (Эхлэл 1:27-28). Бурхан эрэгтэй, эмэгтэй хүмүүст нөхөн үржиж, Түүний дүр төрхөөр махбод оюун ухаан нь бүрэн цогцолсон бяцхан хүмүүсийн амьдралыг шинээр эхлүүлэх чадварыг өгчээ.

Бидэнд ажил, сургууль, бизнесийн талбарт бүтээлч байх ханашгүй их хүсэл бий. Нэгэн үйлдвэрийн эзэн ийнхүү бичжээ, “Автомашины механизмын үйлдвэрлэлд жил бүрийн, долоо хоног тутмын, өдөр бүрийн үйл ажиллагаанд нь хүний үүрэг оролцоог багасгаж, автоматжуулалт давамгайлсан мотор үйлдвэрлэлийн шугамаас илүү өдөр бүр хэрэглэгчидтэйгээ уулзан, өөр өөр эвдрэлүүдийг засаж, эвдэрсэн автомашиныг эргүүлэн зам дээр гаргаж байгаа, ажиллагсад нь ажлаасаа сэтгэл ханамж авдаг засварын газрын ажил илүү тогтвортой байдаг” гэсэн байна.5

Адгуусан амьтад бол бүтээлч биш. Тэд нэгэн хэвийн загвараа эцэс төгсгөлгүйгээр ахин дахин давтан бүтээдэг. Нэг төрлийн аалз яг л нэг тогтсон хээгээр л тороо сүлждэг. Шувуудын дуу гэхэд л төрлөөсөө шалтгаалж өөр өөр байдаг, зарим нь бүр өөр шувууны юм уу, хүний дуу хоолойг даган дуурайх нь бий. Гэвч ямар ч бүтээлчээр бие даасан байдал үүнд нь байдаггүй.

Хүн л зөвхөн өөрийн бүтээлч, бие даасан бодолд үндэслэж, үйлдэж чаддаг. Жон Штейнбэк үүнийг ийнхүү хэлжээ: “Хүний маш тодорхой үйл ажиллагааны функц бол булчингууд нь ажиллахыг, оюун ухаан нь ямар нэг хэрэгцээг хангах шийдэл бүтээхийг хүсэн тэмүүлж байдаг - энэ бол хүн юм. Хүн өөрийн ямар нэгэн зүйлийг дотор нь байлгахын тулд хана хашлага, байшин барилга барих, тэр хана хашлага, байшин барилгыг босгон байгуулахын тулд хүн тодорхой дүрслэлтэй болтол бодож сэтгэн, булчингаа ч ажиллуулах шаардлагатай болно. Хүний хувьд энэ ертөнц дээрх өөр ямар ч органик болон органик бус бүтээлтэй адилгүй бөгөөд тэрээр ажил хөдөлмөр, амжилт бүтээлийнхээ хэрээр өсөж, мөн чанараараа шат ахин хөгжиж байдаг… Түүнчлэн мөн чанарынхаа төлөө зовохгүй, үхэхгүй байх цаг үе ирэхээс хүн айдаг болохыг та олж мэдэх болно. Энэ чанар нь хүнийг ертөнцөд онцгойруулж буй үндсэн чанар юм.”6 Эрдэмтэд ч үүнийг хүлээн зөвшөөрнө. Тэд Homo sapiens-ийн шинж тэмдэг бол галыг эзэмшиж, багаж зэвсгийг ашиглах чадвар гэж үздэг.

Хайр

Адгуусан амьтад хайрлаж чаддаг уу? Хамт зугаалах цагаа хүлээн таныг өхөөрдмөөр гэгч нь харж суугаа нохойн чинь царай; энэ хайр уу, эсвэл нөхцөлт рефлекс үү? Хайр гэдэг цэвэр хүний мөн чанар уу? Энд санал бодлын зөрүү үүсдэг.

Хайр бол Бурханы зан чанарын чухал тал юм. Бурхан бол хайр (1 Иохан 4:16). Хүнд хандсан Түүний хайр бол хүний оюун ухамсраас хол давсан зүйл юм. Энэ бол Бичээсийн үндсэн сэдэв. Хүн гэм нүглээ үргэлжлүүлэн ахин дахин үйлдсээр байх үед Бурхан түүнийг хайрласаар байвч түүнийг мөхүүлэхээс аргагүйд хүрдэг. Иеремиа “Баавгай мэт Тэр намайг отон хэвтэв. Арслан мэт гэтэв. Зам юугаас минь угзран гаргаж хэсэгчлэн тастав. Сүйрэл болгов, намайг. Нум юугаа Тэрээр татжээ. Сумных нь бай би байлаа… Гэвч оюун бодолдоо тунгаах тусам Найдвар бас надад байна аа. ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй Өршөөл юунд нь төгсгөл үгүй. Өглөө бүр энэ нь цоо шинэ. Таны итгэлт байдал юутай аугаа вэ” (Гашуудал 3:10-12; 21-23) хэмээн өгүүлжээ. Өөрт өгөгдсөн дүр төрхийнхөө улмаас хүн адгуусан амьтдын эхийн зөн (рефлекс) юм уу, сексийн хариу үйлдлүүдээс огт өөр мөн чанар болох хайрлах чадамжтай юм.

Ариун байдал

Гэмийн уналтад орох хүртлээ гэм нүгэлгүй ариун Адам, Ева хоёр цэцэрлэг дотор зугаалж, Бурхантай гүн бат харилцаатай байлаа. Энэ ариун байдлаас нь өдгөө маш өчүүхэн тусгал л хүмүүний төрөлх чанарт хадгалагдан үлджээ. Эртний готик дуганы уран тансаг баримал он цагийн уртад нар салхи, хүний үйл ажиллагааны улмаас элэгдэн мууддаг боловч өөрийн уран тансаг хийцийн ерөнхий шинжээ хадгалсан байдаг. Хүн ч бас эвдэрч сүйдсэн боловч хүн хэвээрээ л байдаг. Үүгээр ч зогсохгүй, хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учир хэдий тэрээр үүнийгээ өөрөө ухаарч ойлгохгүй байлаа ч гоо үзэсгэлэн болон ариун байдлыг эрэн хайсаар байдаг. Гэвч бие цогцсын гоо сайхныг зан чанараас илүүтэй, өөрийн үнэлэмжийг Бурханы алдраас илүүтэй хайдаг тал бий. Тийм боловч хүн үнэний зөвт байдал болон ариун чанарын дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмсдөг (Ефес 4:24).

Үүрд мөнх чанар

Амьд үлдэхийн төлөөх тэмцэл бол хувьслын үндэс суурь нь юм. Амьтад үхлээс зугтана. Тэд амьд үлдэхийн тулд хоол ундаа эрэн бэдэрнэ. Африкийн амьтад хэрэгцээт содын хлоридоо олж авахын тулд давст газар уруу хэдэн миль газар аялж явна. Цаашилбал, үр удмаа үлдээж, үржин олшрох зөн совин нь зөвхөн ганц биеийн хэрэг биш харин амьд үлдэхийн төлөөх тэмцэл юм гэдгийг харуулдаг.

Үржин олширч, оршин байх чадвар бол эсийн төвшиндөө хүртэл үйлчилдэг амьдралын амин чухал зүйл юм. Эсийн өсөлтийн хэмжээ бол үнэхээр гайхалтай. Хэрэв үр тогтсон өндгөн эсийг бид жүржтэй адил хэмжээтэй гэж үзвэл хэвлийдээ бүрэн бойжсон хүүхэд дэлхий шиг том хэмжээтэй болох юм. Гэтэл ийм хэмжээний өсөлт ердөө 9-хөн сарын дотор бий болж байна!

Шарх ихэвчлэн богино хугацаанд бүрэн эдгэдэг. Хэрэв та уруулаа ч юм уу, эсвэл хэлээ хазаж гэмтээсэн бол хэдхэн хоногийн дотор л эдгэнэ. Энэ нийтлэг хэв маяг нь яагаад амьдралыг илүү бат бөх байлгахад биш, харин ижил төрлийн эс юм уу, амьтан, төрөл зүйлийг үржин олшруулахын тулд байна вэ? Адгуусан амьтад, ургамал ногоо болон хүнийг, амьдралыг хөтөлж буй хөдөлгөгч хүч нь юу вэ? Биологийн хувьд үүнд зөв хариулт гэж байхгүйг би мэднэ. Ийм нөлөө зөвхөн амьдралын зохиогч Бурханаас л ирсэн байж таарна.

Гэхдээ хүний хувьд амьдрал нь бүрэн хэм хэмжээ болон хүсэл эрмэлзлээрээ үүрд мөнхийг эрэн хайж байдаг.

Хүн Бурханаас салж холдох үед үүрд мөнхийн төлөөх хүсэл нь ихэнхдээ этгээд хачин шинжтэй болж хувирдаг. Персийн эзэн хаадад “Өө хаантан минь, мөнх наслах болтугай” хэмээн мэндчилдэг байлаа. Дундад зууны алхимичид үхлийн сүүдрийн эсрэг ерөндөг болгож бах мэлхийн элэг, хулганын баас, нохойн үсийг хольж нэрдэг байжээ. Энэ дэлхий дээр мөнх наслах найдвар нь алдагдсан тул хаадад өөрсдийн хаант улсыг өвлүүлэн үлдээх хөвгүүд хэрэгтэй байжээ. 8-р Хенри хаан хүссэн зорьсондоо хүрэхээсээ өмнө зургаан эхнэр авч байлаа. Египетийн Фарук хаан зөвхөн охин төрүүлж өгснийх нь төлөө нилээд хэдэн хатдаасаа салж байжээ. Оршуулгын газрууд ихэвчлэн сайн муу хэн нэгний хүндэтгэлд зориулан бүтээсэн дурсгалын нүсэр хөшөөнүүдээр дүүрэн байдаг. Тэр байтугай амьд ахуйдаа ямар нэг алдартай уулын орой дээр өөртөө зориулан босгосон дурсгалын хөшөө ч байх аж (2 Самуел 18:18).

Бурхан эхлэлээс ч өмнө оршин байсан. Түүнд төгсгөл гэж үгүй. Тэр оршсоор л байдаг… Түүнтэй хамт үргэлж одоо цаг оршин байдаг. Тэрээр цаг хугацаанаас ангид Нэгэн юм. Бурхан бол үүрд мөнхийнх. Хүн ч мөн үүрд мөнхийнх. Энэ бол энэ дүр төрхийн бас нэгэн хэсэг юм. Есүс нэгэнтээ “Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон гарч ирэх цаг ирж байна. Сайныг үйлдсэн нь амийн амилалд, муу муухайг үйлдсэн нь ялын амилалд байх болно” (Иохан 5:28-29) хэмээн айлдсан. Бурханы сонгосон хүмүүс Түүний шинээр бүтээсэн дэлхий дээр Түүнтэй үүрд хамт амьдарна. Христийг цаг үргэлжид үгүйсгэсээр байгаа хүмүүс “мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй ба Түүний хүчний алдраас салж” (2 Тесалоник 1:9) шийтгэгдэнэ.

Эрх чөлөө

Адам зөвхөн Бурханаас л арай доохнуур байр суурьтай (Дуулал 8:5), эрх чөлөөт сүнслэг оршин байгчаар бүтээгдсэн. Бодож тунгаан, сонголт хийх болон үйлдэх чадалтай, Бурхантай харилцаж, Түүнд хариу үйлдэл үзүүлэх, Бурханыг хайрлан, Түүнийг мөргөн хүндлэх юм уу, эсвэл сонгон шийдсэнийхээ дагуу тийн үйлдэхгүй байх чадамжтай хариуцлагатай, ёс зүйт нэгэн юм. Хүн Бурханаас урван тэрслэх ч чадамжтай. Тийм ч учраас хүмүүний түүхийн тэр гунигт мөчид Адам болон түүний эхнэр могойд уруу татагдан, яг тийнхүү үйлдсэн байдаг. Ийм гайхалтай ялгуулсан эхлэлтэй хүн өөрийн эрх чөлөөг эдэлж, Бүтээгчээсээ урван тэрсэлсэн.

Эдүгээ хүмүүс эрх чөлөөг бие даасан тусгаар байдал хэмээн эндүүрэх болсон. Сатан хүнийг Бурханаас салангид тусдаа байх нь “эрх чөлөө” юм гэсэн худалд итгүүлэхийн тулд хуурч мэхэлдэг. Гэвч тийм эрх чөлөө гэж байдаггүй. Бид үнэн хэрэгтээ бүгд боолууд. Зарим нь Христийнх бол харин зарим нь Сатаных юм.

Гэмийн уналтаас хойш хүн гадны албадлагаар бус харин дотоод зан чанараараа аливааг үнэлэн цэгнэж, шийдвэр гаргадаг чөлөөт оршигч болжээ. Гэвч гэмт мөн чанарынхаа улмаас хүний шийдвэр, үйлдэл нь ч мөн гэмт чанартай болжээ. Бид “тачаалдаа автаж, татагдахдаа хүн бүр уруу татагддаг. Тэгээд тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь гүйцэд болохоороо үхлийг гаргадаг аж” (Иаков 1:14-15) хэмээн бичигдсэнчлэн бузар муу хүсэлдээ автсанаас бурууг үйлддэг аж. Бидний хамгийн сайнаараа байгаа маань ч Бурханы мэлмийд алдаа зөрчилтэй байдаг. Муу мод сайн үр жимсийг ургуулж чаддаггүй шиг (Матай 7:18), хамаг зөвт байдлууд маань хүртэл бохир хувцас мэт ажээ (Исаиа 64:6). Паулын “Учир нь миний дотор буюу махбодод минь ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь миний дотор хүсэл байвч, харин сайныг хийх нь үгүй. Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй… Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?” (Ром 7:18-19; 24) хэмээн хашхирсанд гайхах зүйл алга.

Хүн эрх чөлөөг аргаа бартлаа эрэн хайдаг ч, ихэвчлэн буруу газраас хайдаг. Колоничлолын хүнд буулгаас чөлөөлөгдөх хүсэлдээ хөтлөгдөн шинэ үндэстнүүд Африкт төрөн гарсан. Гэвч ихэвчлэн нэг дарангуйллаас нөгөө уруу л шилжицгээсэн байдаг. Далаад оны үеийн оюутнууд цагаан хоолойгоор дөрвөн үсэгтэй үгийг тунхагласнаар эрх чөлөө ирнэ гэж бодож байсан. Наяад оны үед тэд түр зуурын эрх чөлөөг архи, хар тамхинаас хайж байв. Хүний эрхийг сурталчлагчид гэр бүл салалт, эмэгтэйчүүдийн эрх, ижил хүйстний гэрлэлт гэх зэрэгт цензургүй байх эрх чөлөөг нэхэцгээж байна.

Зөвхөн Христ л хүмүүсийг чөлөөлж чадна: “Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм” (Галат 5:1, Иохан 8:16). Энэ эшлэлд нэг удаагийн чөлөөлөлт нь бүх цаг үед хамаатай болох талаар нэр үг болон үйл үгүүдийн хослолоор өгүүлжээ. Вайн энэ талаар ийнхүү өгүүлжээ, “Боолоос чөлөөлөх талаар өгүүлж буй энэ үгийн тухайд, тухайн үеийн грекчүүдийн дунд чөлөөлөгдсөн боолыг бурхан худалдаж авсан гэж хуульчлан үздэг байжээ. Нэгэнт боол мөнгө төлж чадахгүй тул эзэн нь сүм хийдийн эрдэнэсийн санд тухайн боолын төлөө төлбөр төлж, ‘эрх чөлөөний төлөө’ гэсэн баримт үйлддэг байж. Тэр боолыг хэн ч дахин боолчилж болохгүй. Тэр бол бурхны өмч гэж үздэг байжээ.”7 Тиймээс л Паул түүнийг “Эзэний чөлөөлөгдсөн хүн” хэмээн дуудсан байна (1 Коринт 7:22; 9:1). Саяхан би “Эрх чөлөө яагаад тийм их үнэтэй юм бэ?” гэсэн бичигтэй машины стикер харж билээ. Бурханы Хүүгийн үхлээс илүү үнэ өртөг гэж энэ орчлонд үгүй. Петр “Ах дүүс минь, та нар эрх чөлөөтэй байхаар дуудагдсан, харин эрх чөлөөгөө гэмт мөс чанарынхаа төлөө бүү ашигла” (1 Петр 2:16) хэмээн хэлсэн нь гайхмаар зүйл биш юм.

Орчин үеийн хүн үүнийг буруугаар ойлгох болжээ. Эрх чөлөө бол чөлөөлөлт (liberty) болохоос эмх замбараагүй байдал (libertinism) биш юм. Бид “Бурханы хүүхдийн цог жавхлант чөлөөлөлт уруу” (Ром 8:2) дуудагдсан юм. Адам эрх чөлөөтэйгөөр бүтээгдсэн боловч гэм нүглийн боол болсон. Тэр цагаас хойш бүх хүн төрөлхтөн хүлээсэнд байна. Христ хүмүүсийг чөлөөлөхийн тулд ирсэн, “Түүний үйлчлэл бол төгс эрх чөлөө”8 юм. Эрх чөлөөг хүсэн тэмүүлэх нь тэрхүү дүр төрхийн нэгэн хэсэг юм. Тэрхүү боол Христээр чөлөөлөгдөхгүй л бол энэ тэмүүлэл нь биеллээ олж чадахгүй.

Байлдан дагуулагч байж, илдээ агсахад минь намайг хүчлээч.

Дүр төрх

Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн тул хүн – хэл, бүтээлч байдал, хайр, ариун байдал, үүрд мөнх чанар болон эрх чөлөө – энэ бүх чанарууд болон өөр бусад олон зүйлсийг эзэмшиж байдаг юм.

Эдгээр нь хүнийг бусад амьтдаас онцгойруулж байдаг. Эдгээр чанаруудыг нь нэгтгээд хэлбэл: Хүн Бүтээгчтэйгээ адилхан оюун ухаантай гэж хэлж болно.

Хүний оюун ухаан

Агностик эрдэмтдэд нэгэн асуудал байдаг нь: “Оюун ухаан гэж юу юм бэ? Хамаагүй! Ямар хамаа байна аа? Тоох хэрэггүй!” гэдэг. С.Ю.М.Смит өөрийн “Тархи: Түүнийг ойлгох нь”9 хэмээх номондоо энэ талаар хөнджээ. Тэрээр ямар ч компьютероос илүү цогц систем болох тархины анатомийн нарийн бүтэц болон мэдрэлийн системийн физиологийн талаар 300 хуудсанд нэг бүрчлэн тайлбарлажээ. Тэрээр бидний мэдээлэл хүлээн авч ойлгодог мэдрэлийн системийн сувгууд, нойр болон ухамсрын физиологийн ялгаанууд зэргийг тайлбарлахын зэрэгцээ орчин үеийн санах ойн онолыг тайлбарлан бичжээ. “Тархи болон Оюун ухаан” хэмээх турших бүлэгт тэрээр:

“Орчин үеийн мэдрэлийн системийн физиологийн ололт нь Декартын дилеммаг тодруулах болон үүнийг бүдгэрүүлэх хоёрыг нэгэн зэрэг авч үздэгт байна. Энэ нь манай нийгэмд шизофрени болон бууж байгааг цөөхөн хүн ойлгож байна. Нэг талаар оюун бодлууд бие махбодуудыг удирдаж байгааг мэдэрч байгаа ч, нөгөө талаар ингэж чадахгүй байна.

Нэг талаар миний оюун бодлоос гараагүй ямар нэгэн үгийг энэ хуудсаас олж харна гэж хэлэх нь хүлээж авч боломгүй зүйл юм. Жишээлбэл, хэрэв энэ бүхэн автомат машинаар бичигдсэн байна гэж хэн нэгэн хэлбэл тэр чигээрээ гүжирдэж буй хэрэг болно… Нөгөө талаар, оюун бодлууд махбодуудыг удирддаг гэж хэлэх нь ч бас л хүлээн авч боломгүй зүйл юм. Энэ номын өмнөх бүлгүүдэд үзсэнчлэн, мэдрэлийн системийн биологичид амьд тархины бүрэн физик онолын тал дээр нилээд амжилттай яваа. Үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглах ‘оюун бодол’ гэх хачирхалтай, бодит бус хүчин зүйлд тун багахан орон зай хатуу компьютерын машинд байдаг шиг энэ шингэн хэлбэрт компьютерын машинд ч бас байдаг байна.” (зохиогчийн санааг налуугаар бичсэн)

Энэ хэсэгт өгүүлсэн нарийн төвөгтэй зүйлсийг харж байна уу? “Амьд тархины бүрэн физик онол”-ын талаар 300 хуудсыг зориулахдаа зохиолч шударга хандсанаар үүнийг тоос шорооны хэмжээнд хүртэл нь задлан шинжилжээ. Христэд итгэгчид “шизофрени” зэрэг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх хэрэгтэй вэ?

Тархи бол агуу Дизайнерын бүтээсэн дээд зэргийн, нарийн ээдрээтэй, физик-химийн компьютер юм. Өвчин, гэмтэл зэрэг гажуудал нь анхны загварынх нь алдаа бус, харин гэм нүглийн улмаас бий болсон. Гэхдээ энэ бол бүгд биш. Хүн бол онцгой бүтээл юм. Хүн бусдаас өөр. Учир нь тэрээр жинхэнэ эх мөн чанартайгаар бодож сэтгэдэг Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн юм. Тэрээр эрх чөлөөтэй нэгэн тул Бурханд болон бусдад хандан үйлдэл бүртээ хариуцлагатай нэгэн юм. Түүнчлэн, Христийг хүлээн авсан нэгэн нь Христийн оюун бодлыг хүлээн авсан байдаг (1 Коринт 3:16, Дуулал 139:1-4, Еврей 4:13).

Оюуны саажилт ба Бурханы дүр төрх

Би хүүхдийн эмч учир оюуны саажилттай хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдтэй байнга уулзаж, тэдэнд туслах хэрэгтэй болдог. Би тэдгээр хүүхдүүдийн гэрт ойр ойрхон зочилдог. Дотор өрөөнд, орон дээр хөдөлгөөнгүй хэвтэх бяцхан биесийг би хардаг. Гадаа, цэцэрлэгт, тэд хурцаар гэрэлтэх нарны туяа, хийсэн унах навчнуудын дунд оюун санаа нь самууран будлин байхыг ч хардаг. Дийлэнхдээ тэд ярьж чаддаггүй. Тэдэнд бүтээлч чанар байдаггүй бөгөөд үүрд мөнхийн төлөөх хүсэл ч байдаггүй. Тэд амин чухал зүйл болох оюун бодлоор гачигдаж байдаг.

Тэр хүүхдүүдэд Бурханы дүр төрх байгаа болов уу? Мэдээж “Тийм”. Христийн хүмүүс хэн нэгнийг ямарваа байдлаар дооглон тохуурхаж болохгүй (Сургаалт үгс 14:31). Ийм хүүхдүүдийг эцэг эх нь ойлгон хүлээн авдаг ч гэлээ тэд бол уналтад орсон бидний ертөнцийн гунигт нэгэн тусгал юм.

Эдгээр хүүхдүүд болон нялх нярай насандаа үхэж буй хүүхдүүд Бурханы дансанд онцгой байр суурьтай гэдэгт би итгэдэг. Итгэлгүй байдлаасаа болж Израилийн хүүхдүүд амлагдсан газар уруу шууд орж чадалгүй буцан явж, дөчин жилийн турш цөлд тэнүүчлэх болсныг та санаж байгаа байх. Иошуа болон “олз болох нь хэмээн та нарын хэлж байсан балчир хүүхдүүд чинь, мөн энэ өдөр сайн мууг ялгаж чадахгүй хөвгүүд чинь тийшээ орох болно. Би тэдэнд тэр газрыг өгч, тэд түүнийг эзэмшинэ” (Дэд хууль 1:39, Исаиа 7:15) хэмээгдсэн балчир хүүхдүүдээс бусад нь ийнхүү орж чадаагүй.

Мөн Херод хаан нялх хүү Есүсийг алахын тулд Бетлехемд байсан 2 хүртэлх насны бүх хөвгүүдийг алах тушаал өгснийг та санаж байгаа байх. Гэвч Ариун Сүнс анхааруулсан тул Иосеф, Мариа хоёр Есүсийг аваад Египет уруу зугтсан. Зарим чуулган Гэмгүйчүүдийн өдөр (Innocents day) хэмээн энэ үйл явдлыг жил бүр дурсан тэмдэглэдэг. Тэр өдөр тэд энэ түүхийг өгүүлэх Матай 2:13-15-ыг уншихаас гадна Илчлэл 14:1-5-ыг бас уншдаг. Эдгээр эшлэлүүдийг үргэлжлэл хэсэгтэй нь хамт бүтнээр нь уншихыг зөвлөе. Энэ эшлэлээс хэсэгчлэн сийрүүлбэл: “Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа. …Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ. Тэдний амнаас ямар ч худал хуурмаг олдсонгүй.”

Шинэчлэлийн теологид энэ хэсэгт залуугаараа нас барсан хүмүүсийн талаар өгүүлсэн гэж үзсэн байдаг. Тэр цагаас хойш олон сектүүд бас энэ хэсэгт өөрсдийн гаж бүлгийнхний талаар өгүүлсэн гэж үзжээ. Гэвч оюуны болон бие махбодын хувьд нялх хүүхдүүдээс өөр хэнд ч энэ тодорхойлолт тохирдоггүй. Эдгээр бүх хүүхдүүд хүн төрөлхтний нэг хэсэг, хэдийгээр зарим талаар гажуудсан боловч Христийн хүндэлж хайрласан хүмүүн биеийг олсон жинхэнэ гишүүд нь мөн. Мөн бүх хүн төрөлхтний нэгэн адилаар тэд бүгд гэм нүгэлтнүүд. Гэвч тэд сайн мууг мэдэх мэдлэггүй тул эдгээр нь санаатай үйлдсэн нүгэл биш бөгөөд цаашид ч тийнхүү нүгэл үйлдэхгүй (Ром 7:9). Тэд бол атгаг санаагүй, Бурханы онцгой хүүхдүүд юм. Тэд Хургыг хаашаа ч явсан дагаж явдаг. Тэрээр өөр бусдыг Өөртөө дуудахдаа тэднийг хэрэглэж чадах бөгөөд байнга тийнхүү ашигласаар байдаг.

Тэмдэглэл

  1. Lewis, C.S., Voyage to Venus, London Pan Books, 1955, 190 дэх тал. Текст рүү буцах.
  2. Koestler, A., The Ghost in the Machine, London. Hutchinson, 1967, 19 дэх тал. Текст рүү буцах.
  3. Fry, D., Homo Loquens: Man as a Talking Animal, Cambridge University Press, 1977. Текст рүү буцах.
  4. Bzoch, K.R. and League R., Assessing Language Skills in Infancy, Florida, Tree of Life Press, 1972. Текст рүү буцах.
  5. Catherwood, Sir F., A Better Way—The Case for a Christian Social Order, London, Intervarsity Press, 1975, 38 дахь тал. Текст рүү буцах.
  6. Steinbeck, J., The Grapes of Wrath, London, Pan Books, 1936, 160 дахь тал. Текст рүү буцах.
  7. Vine, W.E., An Expository Dictionary of New Testament Words, Oliphants, 1957, 2. 131 дэх тал. Текст рүү буцах.
  8. Book of Common Prayer, Church of England. Текст рүү буцах.
  9. Smith, C.U.M., The Brain: Toward an Understanding, London, Faber and Faber, 1970, 350 дахь тал. Текст рүү буцах.